Утас: 7000-9111, 9917-2528

Италид сурах

Италид сурах

ИТАЛИЙН ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦОО

Италийн бүх их, дээд сургуулиуд 1999/2000 оны хичээлийн жилээс эхлэн Европын анхны Их сургууль болох Италийн Болоньёо хотын их сургуулийн олон улсын жишгийг бүх нийтээрээ дагаж мөрдөх болсон бөгөөд дээд боловсрол нь доорх гурван шаттай байна.

  • Баклаврын зэрэг  (3 жил)
  • Магистрын зэрэг (2жил)
  • Эрдэм шинжилгээний докторын зэрэг (3жил) мөн мэргэшүүлэх зэрэг (2-5 жил)
ИТАЛИЙН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУД

Итали улсын хэмжээнд 19 мужид 63 гаруй Улсын их сургууль байдаг.

ГАДААД ОЮУТНЫ ЭЛСЭЛТ

Жил бүрийн 5-6 сард тухайн оронд Итали улсыг төлөөлөн суугаа Элчин сайдын яам, төлөөлөгчийн газруудад Италийн их сургуулийн гадаад оюутны бүртгэл явагддаг бөгөөд зааврын дагуу бүрдүүлсэн, шаардлага хангасан бичиг баримтыг хүлээн авч шалгасны дараа Боловсролын яамаараа дамжуулан тухайн италид сурахыг хүсэгч оюутны сонгосон сургууль руу бичиг баримтыг илгээн албан ёсны элсэлтийн шалгалтын бүртгэлд хамруулна. Италийн Их сургууль бичиг баримтыг хүлээн авч хянасныхаа дараа тухайн оюутанд элсэлтийн шалгалтанд орох урилга явуулна. Оюутан урилгынхаа дагуу Италийн элчин сайдын яамнаас виз хүсэн зөвхөн Их сургуульд орох элсэлтийн шалгалтанд өгөх эрх бүхий сургалтын виз даруулах бөгөөд элсэлтийн шалгалтанд тэнцээгүй тохиолдолд 30 хоногийн дотор нутаг буцах ёстой байдаг.

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ

Жил бүрийн 9-р сарын эхээр болдог. Италийн их, дээд сургуульд элсэн орох гэж буй гадаад оюутнууд 1-рт Италийн боловсролын яамны товлосон өдөр итали хэлний шалгалт зайлшгүй өгөх ёстой байдаг. Хэрэв Пэружагийн Гадаад Оюутны Их Сургууль, Сиэнагийн гадаад оюутны их сургууль, Данти Алигьэрийн сан гэх мэт Итали улсын боловсролын яамнаас хүлээн зөвшөөрөгдсөн Итали хэл, соёлын гадаад оюутнуудад зориулагдсан албан ёсны боловсролын байгууллагуудын аль нэгийг төгссөн, тэдгээр сургуулиудын итали хэлний дундаж түвшнийг дүүргэсэн тодорхойлолт, батламжтай, мөн тэдгээр сургуулиудаас жилд 3 удаа зохион байгуулагддаг итали хэлний түвшин тогтоох шалгалтанд оролцон зэрэг горилсон тохиолдолд дээрх шалгалтаас чөлөөлөгдөн шууд өөрийн сонгосон мэргэжлээр элсэлтийн шалгалт өгөх эрхтэй байдаг. Элсэлтийн шалгалтанд бүртгүүлсэн гадаад оюутан маань итали хэлний шалгалтаа давсныхаа дараа өөрийн сонгосон мэргэжлийн шалгалтанд ордог. Бүх шалгалтууд итали хэлээр явагддаг. Элсэлтийн шалгалтын хариу ихэнхдээ 7 хоногийн дотор гардаг бөгөөд тэнцсэн элсэгч 10-р сарын 15-ны дотор бусад хэрэгцээт бичиг баримтаа бүрдүүлэн тухайн сургуулийн оюутан болон элсдэг.

ШИНЭ ОЮУТАН БА ОЮУТНЫ АМЬДРАЛ

Хаана ч, аль ч оронд шинэ оюутанууд эхний хагас улирал мэдэхгүй, чадахгүй зүйл, Хаана?, Юу? Ямар?, Яаж? Гэсэн асуултаар дүүрэн байдаг. Тиймд Италийн их сургууль болгон Ciao?!, Benvenuti!, Front Office гэх мэт нэртэйшинэ оюутанд туслах, зааварчилгаа, зөвлөгөө өгөх оюутан хүлээн авах төвтэй байдаг. Мөн хичээлийн шинэ жилийн эхэнд сургууль болгон тухайн жилийн оюутны хөтөлбөр, хичээлийн хуваарь, номын сан, эмнэлэг, бие даах төв, хоолны газар, оюунтан таньтай холбоотой арга хэмжээ, тэтгэлэгт хөтөлбөрүүдийн тов, хөтөлбөрт хамрагдахад шаардлагатай бичиг баримтын жагсаалт, бүрдүүлэх материал болон мартаж болохгүй чухал өдрүүдийн эхлэх болон дуусах хугацааг нарийвчлан гаргасан гарын авлагыг тараадаг. Хичээлийн жил бүрийн эхэнд оюутан болгон тэрхүү гарын авлагыг сайтар уншин танилцаж, ойлгомжгүй, эргэлзээтэй зүйл гарсан тохиолдолд оюутанд туслах төвд очин зөвлөгөө аван өөрийн асуудлыг шийдэх бүрэн боломжтой байдаг. Мөн хичээл зааж буй багш болгон долоо хоногт 1 удаа оюутанд зөвлөгөө өгөх тогтсон өдөртэй байдаг бөгөөд тухайн өдөр, цагийг улиралын эхэнд хичээлийн хуваарийн хамт нийтэлсэн байдаг. Энэ нь оюутнууд хичээлийн үеэр ойлгоогүй, хичээлтэй холбоотой аливаа асуудал, эргэлзээтэй зүйлсээ багшаасаа асуун ганцаарчилсан хичээл, зөвлөгөө авахад зориулагдсан боломж юм. Гэвч монгол оюутнууд өөрт олдож буй тэр боломжийг ашиглан хичээлийн үеэр ойлгоогүй, хичээлээ давтаж байхад тулгарсан аливаа мэдэхгүй, чадахгүй зүйлээ багшаасаа дор бүр нь асуухаас эмээн яваандаа болох биз хэмээн явсаар байгаад асуудлыг улам хүндрүүлэх, хичээлдээ дүргүй болох, хоцрох хандлага маш их ажиглагддаг. Италийн их, дээд сургуульд багш удирдан чиглүүлж, оюутан өөрийгөө дайчлан уншиж судлан, мэдлэгээ бататган багшаар дүгнүүлэх зарчмыг чанд баримталдаг бөгөөд хичээлийн 20% -ийг багшаас буюу ангид үлдсэн 80% -ийг өөрөө бие даан судлах ёстой байдаг.

ШАЛГАЛТ БОЛ СУРГУУЛЬ ТӨГСӨХ НЭГ АЛХАМ

Италийн их сургуулиуд шалгалтын 5 сар, хичээлийн 2 улиралтай. Тодруулбал хичээлийн шинэ жил бүрийн 10 сарын 1-ээс эхлэн нэгдүгээр улирал 12 сарын 23 хүртэл, хоёрдугаар улирал 3 сарын 1-ээс 5 сарын 31 хүртэл үргэлжилнэ. Нэг, хоёр, зургаа, долоо, ес дүгээр сар бол шалгалтын сарууд юм. Оюутнууд эдгээр саруудад сургуулийн захиргаанаас товлосон өдрүүдийн аль нэгэнд өөрийгөө бэлтгэн шалгалт өгөхөд бэлэн гэж үзсэн өдрөөсөө 7 хоногийн өмнө онлайн-аар урьдчилан бүртгүүлээд шалгаландаа орно. Хэрэв тухайн шалгалтанд хангалтгүй байж унасан тохиолдолд тухайн хичээлийн жилдээ багтан ахин шалгалт өгөх ёстой. Өөрөөр хэлбэл манай Монгол улсын их сургуулиуд шиг хичээл хаагдсан л бол албан хүчээр шалгалтанд ордоггүй бөгөөд тухайн оюутан бие даан өөрийгөө бэлтгэн одоо боллоо, хангалттай бэлдлээ гэж үзсэн үедээ тухайн жилийн шалгалтын саруудад заагдсан өдөр өөрийн хүслээр шалгалтанд орох ёстой байдаг. Ингэснээрээ оюутнууд бие даан өөрийгөө дайчлах боломж нэмэгддэг мөн нэмэлт төлбөр төлөлгүйгээр 1-3 удаа давтан шалгалт өгч болох давуу талтай. Жилд хэдэн хичээл судласнаас үл хамааран доод тал нь 25 багц цаг буюу кредит цуглуулж чадсан л бол анги дэвшин суралцах эрхээ авдаг. Өөрөөр хэлбэл 1-р дамжаандаа үзсэн зарим хичээлийнхээ шалгалтыг 2, 3-р дамжаандаа бие даан бэлдээд бэлэн болсон үедээ өгч болно гэсэн үг. Бакалаврын зэрэг олгох дамжааны албан ёсны хугацаа 3 жил буюу сургалтын 6 улирал бөгөөд хөтөлбөрийн дагуу суралцан шалгалтаа цаг тухайд нь өгч чадсан оюутнууд энэ хугацаандаа багтан төгсдөг. Үгүй бол жилд цуглуулах багц цагийн доод хэмжээ болох 25 кредитээ цуглуулан суралцах хугацаагаа 1- 4 жилээр сунган суралцдаг. Нэг хичээлийн багц цаг буюу кредит 3-9 байдаг. Италийн Их, дээд сургуулийн 1-р дамжааныхаа шалгалтыг 2, 3-р дамжаандаа орсон хойноо, бэлтгэлээ сайн хангасан үедээ өгч болно гэсэн энэ тогтолцоог зарим монгол оюутнууд маань буруу ойлгон зайлшгүй цуглуулж үргэлжлүүлэн сурах эрхээ авах 25 кредитээ цуглуулалаагүйгээс болоод сургуулиас хасагдах харамсалтай явдал олон тохиолддог. Мөн хичээл болгоны эхэнд багш бүр тухайн хичээлтэй холбоотой сурах бичиг, гарын авлага, судлах номын жагсаалт, шалгалтын сэдвийг тайлбарлан тараах бөгөөд ихэнх шалгалт бичгийн болон аман хоёр хэлбэрээр явагддаг. Эхлээд бичгээр шалгалтаа өгснийхөө дараа шалгалтанд зориулж бэлдсэн гарын авлага, сурах бичиг, тэмдэглэл хийсэн дэвтэр зэргээ барин урьдчилан өгсөн бичгийн шалгалтаа бататгах, судлаж мэдсэнээ дүгнүүлэх аман шалгалтанд орно. Шалгалтын хариу тухайн хоёр шалгалтын оноог нийлүүлэн дундажлаж гардаг. Энэ нь аливаа оюутны мэдлэгийг гүйцэт, тэгш шалгаж болох давуу талтай хэмээгддэг. Зарим оюутаны бичих чадвар сайн хөгжсөн байхад зармынх нь муу ч ойлгосноо тайлбарлан ярих илтгэх чадвар сайн хөгжсөн гэх мэт хүн бүрийн сурах арга барилын зөрөөг тэнцүүлэн дүгнэхийг эрмэлзсэн шалгалтын тогтолцоо билээ.

ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН ТӨГСӨЛТ БОЛООД ТӨГСӨЛТИЙН БАЯР

Италийн их дээд сургууль төгсөгчид нь төгсөлтийн баяраараа эртний Грек, Ромын эрдэмтдийн уламжлалыг даган эрдэм номын дуу сонсч, зэрэг ахисны бэлэгдэл болгон лаврын навчаар хийсэн улаан бүчтэй цэцгэн хэлхээ титэм зүүдэг. Мөн хойд Италийн Падова, Вэрона, Венец гэх мэт хотуудад төгсөлтийн баярыг тун өвөрмөцөөр тэмдэглэдэг бөгөөд төгсөлтийн баярын өдөр дипломоо гардан авсан оюутнууд хотынхоо төв талбайд цугларахад дотны найзууд нь тухайн оюутны оюутан цагийн хөгтэй, хөгжилтэй, алдаатай, зугаатай, бахархмаар, гомдмоор бүхий л үйл явдлыг бичин урьдчилан бэлдсэн муутуу цаасыг өндөрт өргөн түмний өмнө уншсаны дараа өөрт нь бэлэглэдэг бөгөөд тэд тэр өдөр залуу насныхаа хамгийн зугаатай нэг үеийг үдэж хариуцлагатай амьдралд хөл тавих гэж байна гэсэн утгаар ямар нэг сэтгэлд хоногшсон хөгжилтэй зүйл, бяцхан тэнэглэлийг хийх ёстой байдаг.

СУРГУУЛЬ МИНЬ БАЯРТАЙ, САЙН УУ АМЬДРАЛ МИНЬ – АЖЛЫН БАЙР!

Италийн их сургуулиуд төгсөгчидийнхөө мэдээллийг албан ёсоор төгсөгчдыг ажлаар хангах, залуучуудыг дэмжих зорилготой Италийн Боловсрол, Их сургууль, Судалгааны яамны харъяа “Alma Laurea” төвд илгээн, хөдөлмөрийн зах зээлд бүртгүүлдэг. Ингэснээр шинэхэн бэлтгэгдсэн мэргэжилтэнгүүд маань ажил хайн удаан зүдрэхгүйгүүр өөрийн эзэмшсэн мэргэжлийн дагуу дотоодын болон гадаадын олон байгууллагуудаас ажлын, томилолтын, цалинтай дадлагын мөн мэргэжилтэн солилцоо, тэтгэлэгний санал зэргийг гэрээтээ цахим шуудангаар хүлээн авч хариу бичин харилцан тохиролцох боломжтой байдаг.
Италийн Боловсрол, Их сургууль, Судалгааны яамны харъяа “Alma Laurea” төвийн тухай товчхон дурьдвал: Болонъёогийн их сургуулийн судалгааны төвийн санаачлагаар 1994 онд байгуулагдсан бөгөөд Их сургууль төгсөгчдыг болон төгсөх дамжааны оюутнуудыг дэмжих үйлчилгээ, Их сургуулиудыг дэмжих үйлчилгээ, Ажил олгогч нарыг дэмжих үйлчилгээ, Шинжлэх ухаан, судалгааны хороо, төвүүдийг дэмжих үйлчилгээ хэмээн 4 талруу харсан үйл ажиллгаа явуулдаг.

2014 оны 11 сарын байдлаар Италийн 63 Их сургуулийн 2сая гаруй төгсөгчдийн мэдээлэл, сv буюу товч намтарыг Италийн болон олон улсын байгууллага, аж ахуй нэгжүүдэд санал болгон их сургууль төгсөгчдыг ажлаар ханган ажилгүйдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж буй Италийн Боловсрол, Их сургууль, Судалгааны яамны харъяа байгууллага юм.