Утас: 7000-9111, 9917-2528

Италид аялах

Италид аялах

Италичууд хүн төрөлхтний түүхийг урагшлуулахад асар их үүрэг гүйцэтгэснийгхэн ч үгүйсгэдэггүй билээ. Орчин үеийн цахилгаан эрчим хүчний гол эх үүсгүүр цөмийн реактораас эхлээд бидний өдөр тутмын гол хэрэглээ болох зай, бичгийн машин, телефон утас гэх мэт энгийнээс дэлхийд ганц орших усан дээрх хот Вэнэц хүртэлх одоо ч нууцыг нь нээж үл чадах олон гайхамшигт соёлын их өвийг зохион бүтээсэн агуу ард түмэн билээ.

ИТАЛИЙН ХОТУУД

  1. Италийн нийслэл мөнхийн хот Ром бол эртний соёлын өлгий бөгөөд уран баримал ихтэй, хотын төв хэсгээр алхаж явахад тэр чигээрээ л музей үзэж яваа мэт сэтгэгдэл төрүүлэхүйц. Манай эриний өмнө араатан амьтад болон гладиаторуудын хооронд амь өрссөн тулаан болж байсан их театр Колизей, гэгээн Петрийн талбай, эртний хотын хоёр хүн зөрөхөд бэрх, давчуу гудамжууд, гайхалтай уран хийц бүхий усан оргилуурууд гээд асар олон жилийн түүхтэй уран барилга алхам тутамд эргэн тойронд таныг хүрээлнэ.
  2. Венец хот 160 нь сувагт салаалсан 18 жижиг арлуудаас  бүрдэн  усан дээр баригдсан дэлхийн гайхамшгийн нэг бөгөөд нийтийн тээврийн үйлчилгээндээ завь голдуу хэрэглэнэ. Хотын гудамж талбай, жижиг арлуудыг холбосон 400 гаруй гүүртэй.  Жил бүрийн өвөл 2-р сард дэлхийд алдартай “Венецийн Карнэваль” буюу өвөрмөц хэлбэр дүрстэй баг бүхий баяр, багт наадмыг тэмдэглэдэг.Мөн чамин хийцтэй, олон өнгөт шилэн эдлэл үйлдвэрлэдэг Мурано арал нь тус хотын бахархалын нэг билээ.
  3. Сэргэн мандалтын үеийн уран барилга, урлаг, соёл, утга зохиолын өлгий Флоренц хот. Хотын гудмаар алхах нь дүрслэх урлагийн музей үзэх лугаа адил хэмээхийг дахин давтан онцолъё.
  4. Итали хоолны өлгий, өвөрмөц соёлын ертөнц, мөнхийн ногоон Наполи хот.
  5. Пиза хотын бэлэг тэмдэг “унаж буй Пиза” цамхаг ертөнцийн ховорхон гайхамшгуудын нэг. 1173 онд барьж эхэлсэн үеэс цамхаг хазайж эхэлжээ. Эхлээд хойшоогоо хазайж эхэлсэн учир барилгыг зогсоогоод, дахиад зуун жилийн дараа үргэжлүүлэн барьж засах оролдлого хийсэн боловч эсрэгээр урагшаа хазайжээ. Ийнхүү зуун жилийн туршид жилд нэг мм-ээр хазайн “унаж” буй энэ түүхийн асар ховор дурсгалт байгууламжийг аврахын тулд дотоод гадаадын эрдэмтдээс бүрдсэн үндэсний онцгой тусгай хороо ажиллаж байгаа боловч, цамхгийн уналт одоо хүртэл үргэлжилсээр байна. 
  6. Оюуны их өлгий, орчин үеийн европын анхны сургууль болон европын хамгийн баялаг номын сан оршдог оюутан залуусын заавал үзэх ёстой мэдлэгийн хэмээгдсэн Болонъя хот. Хотоороо нэрлэсэн мэдлэгийн их сургууль нь 1088 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 1999 оны 6-р сард Европын 29 улсын Боловсролын яамны сайд нар хуралдан Болонъяагийн Их сургуулийн дээд боловсрол олгох тогтолцоо, журмыг Европын дээд боловсролын тогтолцоо болгон 2010 он гэхэд Европын бүх Их сургуулиудад нэвтрүүлэхээр тогтосон билээ.
  7. Ариун, нандин хайрын Терни хот. Италийн бусад хотуудыг бодвол олны нүд хужирлан, гайхал бахадлыг түрүүлэхүйц уран барилга, эд өлгийн зүйлсийг хадгалаагүй ч гэлээ дэлхий нийтээрээ хөгшин, залуу нас үл хамааран ямагт мөнхий залуу хайрыг магтан дуулсан 2-р сарын 14-ны өдөр буюу “Гэгээн Валентин” баярын түүхийн утсыг хөврүүлсэн дурлалт хосуудын заавал очих ёстой газрын нэг.
  8. Дэлхийн загварын түүхийн өлгий, орчин үеийн алдарт брэндүүдийн үүслийн төв цэг, утас зүүг бэлэгдэл болгосон Милан хот.